2023 он “Иргэдийн оролцоо, сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил”
Нийслэлийн Багахангай дүүрэг нь Улаанбаатар хотоос зүүн урагш 90 км зайд орших газар зүйн байршил болоод байгаль, цаг уурын таатай нөхцөл бүрэлдсэн, цэвэр агаар, зам харилцаа, дэд бүтцийн хөгжил сайтай бөгөөд далайн түвшнээс дээш 1614 м өргөгдсөн, 14.0 мянган га нутаг дэвсгэртэй, баруун болон хойд талаараа Төв Аймгийн Сэргэлэн сум, зүүн болон урд талаараа Баян сумтай хил залган, Улаанбаатар хотын төвийн дүүргүүдтэй 107 км төмөр замаар, 90 км хатуу хучилттай авто замаар холбогдсон нийслэлийн алслагдсан дүүрэг юм.
Улсын нөөцийн хангамжийн байгууллагуудыг нийслэлийн ойролцоох газарт байрлуулах хотын хүн амын механик өсөлтийг бууруулах, төвлөрлийг багасгах зорилгоор 1989 онд Улаанбаатар хотын Багахангай хороог байгуулж улмаар 1992 онд нийслэлийн Дүүрэг болгон өргөжүүлсэн бөгөөд Засаг захиргааны нэгжийн хувьд 2 хороотой. 2022 оны жилийн эцсийн байдлаар 1230 өрхийн 4416 хүн амтай, малчин болон мал бүхий 226 өрхийн 26184 толгой малтай, мал аж ахуй эрхлэх зөвшөөрөгдсөн бүс нутаг юм. Багахангай дүүрэгт төрийн 19 байгууллага, төрийн бус 38 байгууллага, хувийн хэвшлийн 109 байгууллага, нийслэлийн өмчит үйлдвэрийн газар 2, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар 2 тус тус үйл ажиллагаа явуулж байна.
Дүүргийн нутаг дэвсгэрт Оросын цэргийн ангийн ашиглаж байсан 2.8 км урт, хатуу хучилттай үндсэн зурвас бүхий онгоцны буудал, 36 ангар, төрөл бүрийн зориулалтаар ашиглах боломжтой 6 томоохон байгууламж байгаа нь цаашид төрөл бүрийн түүхий эдийн агуулахын зориулалтаар ашиглах, үйлдвэрлэлийн бүсийг хөгжүүлэх бүрэн боломжтой. Мөн алт, нүүрс, барилгын тоосго үйлдвэрлэх өндөр чанартай шар шавар, шохойн чулуу орд илэрцүүд болох төрөл бүрийн байгалийн баялаг ихтэйн дээр газар нутгийн оновчтой байрлал, байгаль цаг уурын таатай нөхцөл, дэд бүтцийн хөгжил зэрэг нь дүүргийн онцлог, давуу тал юм.
Тус дүүрэг нь нийслэлийн төвийн дүүрэгтэй төмөр зам, хатуу хучилттай авто зам, 110/35/10 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, холбооны шилэн кабелиар тус тус холбогдсон, МУ-ын хөгжлийг тэтгэх гол босоо тэнхлэгийн замын дагуу байрладаг нь Багахангай дүүргийг хөгжүүлэх гол хүчин зүйлийн нэг юм.
Иргэдийн ая тухтай амьдрах таатай нөхцлийг бий болгох зорилгоор Нийслэлийн ерөнхий боловсролын "Хангай цогцолбор" сургууль, 44, 207, 183-р цэцэрлэг, Соёлын төв, Эрүүл мэндийн төв болон ХААН банк, Төрийн банк үйл ажиллагаа явуулж байна. Мөн иргэдийн амар тайван, аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэдэг Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн mep apg түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, өгөгдсөн үүрэг тавигдсан зорилтыг цаг тухайд нь шударгаар биелүүлж байна.
Монгол улс, Улаанбаатар хот, Багахангай дүүрэг, Өндөр толгой, 1 дүгээр хороо ЗДТГ-ын төв байр.
Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн Б.Гэрэлцолмон Утас: 99826111