НИТХ-ын 2016 оны 50 дугаар тогтоол, НЗД-ын 2017 оны захирамжаар Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Биокомбинат орчмын 66 га талбайг усны хамгаалалтын бүсэд хамруулсан. Улмаар тухайн бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байсан 13 аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлан, ухаж, эвдсэн талбайг нөхөн сэргээлгэхээр хугацаатай албан мэдэгдлийг хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар хоёр аж ахуйн нэгж байгууллага 5.3 га талбайд газрын хэвлийн нөхөн сэргээлтийг өөрсдийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байна.
Энэ талаар НБОГ-ын Хүрээлэн буй орчны ашиглалт хамгаалалтын хэлтсийн дарга Ж.Батзолбоо “Дээрх бүсэд хамаарах бусад 11 аж ахуйн нэгж байгууллагын 60.7 га талбайд нөхөн сэргээлтийг хийлгүүлэхээр мэдэгдэл, албан бичгийг удаа дараалан хүргүүлсэн. Гэсэн хэдий ч нөхөн сэргээлт хийгээгүй тул байгаль орчны холбогдох хууль тогтоомжийн дагуу хууль хяналтын байгууллагад хандахаар ажиллаж байна” гэв.
Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй нийт 135 аж ахуйн нэгж байгууллага байдаг. Үүнээс 59 нь энэ онд үйл ажиллагаа явуулахаар ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулсан. Өнөөдрийн байдлаар 42 нь идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 24 ахуйн нэгж байгууллага нь 25.7 га талбайд газрын хэвлийн нөхөн сэргээлтийг хийхээр төлөвлөсөн байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС