Багахангай дүүргийн үүсэл хөгжлийн түүх

2023-11-22
2

Нийслэлийн Багахангай дүүрэг нь 1989 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн БНМАУ, Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайдын 149 дүгээр тушаалаар, Зөвлөлтийн цэргийн ангийн Мааньт хотхоны барилга байгууламжийг хүлээн авч, бараа материал нүүлгэх, хадгалах, хэрэглэгчдэд нийлүүлэх ажлыг зохион байгуулах ашиглалтын захиргааг байгуулж, үүнээс 5 хоногийн дараа, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1989 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 98дугаар тогтоолоор, БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газрын хооронд тохиролцсоны дагуу эх орондоо буцаж байгаа зөвлөлтийн цэргийн анги, нэгтгэлийн хотхонуудыг хүлээн авч ашиглахтай холбогдуулан, Төв аймгийн Мааньт дахь хотхонд тухайн үеийн Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны харьяа Улаанбаатар хот дахь материал-техникийн хангамжийн зарим баазууд болох Шатахуун, ачаа тээвэр, материал-техник хангамжийн авто баазыг шилжүүлэн байршуулснаар дүүрэг үүсэх эхлэл тавигдсан байна. Үүний дараа БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1989 оны 08 сарын 08-ний өдрийн 126 дугаар тогтоолоор Төв аймгийн Өндөртолгойд шинээр байгуулагдсан үйлдвэрлэлийн газар, соёл боловсрол, үйлчилгээний байгууллагуудыг харьяалсан Төв аймгийн Багахангай хороо байгуулсан байна. АИХ-ын Тэргүүлэгчдийн 1990 оны 170 дугаар зарлигаар Төв аймгийн Багахангай хороог буцаж, нийслэлийн харьяанд оруулсан бөгөөд 1992 оны шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалтын хүрээнд УИХ-ын 18 дугаар тогтоолоор хотын раойн, хороодыг татан буулгаж шинээр Багахангай дүүрэг байгуулснаар өнөөгийн хотын нэг дүүрэг болж өргөжсөн. Засаг захиргааны 2 хороотой, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос зүүн урагш 90 км зайд орших бөгөөд далайн түвшнээс дээш 1614 м өргөгдсөн, 14.0 мянган га нутаг дэвсгэртэй, баруун болон хойд талаараа Төв аймгийн Сэргэлэн сум, зүүн болон урд талаараа Баян сумтай хил залган оршдог. Нийслэлийн алслагдсан дүүргүүдийн нэг юм. Дүүргийн 1-р хороо буюу Өндөртолгойд хүн амын дийлэнх хувь нь амьдардаг ба нутгийн захиргааны байгууллага, түүний харьяа төрийн бусад байгууллага болон үйлдвэрлэлийн бүс нь төвлөрсөн байна. 2022 оны 01 сарын 01-ний байдлаар, хүн амын тоо 1-р хороонд 2564, 2-р хороонд 1895, нийт 4459 байна.






фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.