ҮЙЛ ЯВДАЛ Олон улсын Кибер аюулгүй байдлын индексээр Монгол Улс 3-р буюу “бэхжиж буй” түвшинд үнэлэгдлээ

2024-9-19
4

Монгол Улсын үнэлгээг тулгуур хэмжигдэхүүн бүрээр нарийвчлан авч үзвэл Монгол Улс нь хууль эрх зүй, бүтэц зохион байгуулалт, чадавх бэхжүүлэлтийн хувьд эрчимтэй өсөлтийг үзүүлсэн буюу Ази Номхон далайн бүс нутгийн дундаж үнэлгээг хангасан үзүүлэлттэй байна. Ялангуяа, хууль эрх зүйн хувьд тус тулгуур хэмжигдэхүүний дээд үзүүлэлт болох 20 оноонд ойртож очсон нь Монгол Улс 2021 оноос хойш Кибер аюулгүй байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, тэдгээрийг дагалдан гарах дүрэм, журмуудыг баталж хууль эрх зүйн орчныг тасралтгүй сайжруулсан үр дүнг илтгэж байна.

Мөн Кибер аюулгүй байдлын Үндэсний стратегийг хэрэгжүүлэн Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх төвүүдийн үйл ажиллагааг эхлүүлж, Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр шаардлагатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн нь бүтэц зохион байгуулалтын чиглэлээр хийсэн ажлуудын үр дүн юм. Түүгээр зогсохгүй, чадавх бэхжүүлэлтийн хүрээнд кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах, олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх төсөл хөтөлбөрүүдийг идэвхтэй хэрэгжүүлж байна.

Олон улсын Кибер аюулгүй байдлын индекс нь улс орнуудын кибер аюулгүй байдлыг хэр чухалчилж үзэж, анхаарал хандуулж байгааг үнэлдэг албан ёсны итгэмжлэгдсэн эх сурвалж бөгөөд кибер аюулгүй байдлын ач холбогдол болон түүнд хамаарах ялгаатай хэмжүүрүүдийн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэхийг зорьдог.

Энэ удаагийн тайлан нь Олон улсын Кибер аюулгүй байдлын индексийн 5 дахь хэвлэл болон олны хүртээл болж байгаа бөгөөд өмнөх хэвлэлүүд 2014, 2017, 2019, 2020 онуудад тус тус нийтлэгдэж байсан юм.






фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.