Т.Мөнхдалай: Метроны зөвлөх үйлчилгээний тендерт туршлагатай, туршлага багатай олон төрлийн компани оролцжээ

2024-3-11
4

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог байгуулах төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах тендерийн нэгдүгээр үе шатанд Англи, Энэтхэг, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Герман, Франц, Швейцар, Израил, Орос, Монгол буюу нийт 11 улсын 20 компани саналаа ирүүлээд буй.

Метроны зөвлөх үйлчилгээний тендерт санал ирүүлсэн 20 компанийн талаар Египет улсад метроны төсөлд ажиллаж буй “OC Global” компанийн транзит инженер Т.Мөнхдалай өөрийн сэтгэгдлээ цахим хуудсандаа нийтэлжээ.

Тэрбээр “Метроны Төслийн Удирдлагын зөвлөх дээр сонирхлоо илэрхийлсэн газруудын жагсаалтыг зарлажээ. Эдгээр компаниудын тухай олж харснаа товчиллоо. Туршлагатай, туршлага багатай олон төрлийн компани оролцжээ. Эндээс ямар шалгуур тавьж алийг сонгох нь хотын удирдлагын бодлого, чиглэл шийдвэр болно.

Зөвхөн үнэ, эсвэл зөвхөн чанар, эсвэл үнэ чанарын зохих зохицлоор шалгаруулах байх. Олон улсад чанар, үнэ 80:20 эсвэл 70:30 гэж ихэвчлэн шалгаруулдаг. Дараагийн шатны мэдээлэл зарлагдахаар эдгээрийг мэдэж болно” гэв.

Санал ирүүлээд буй олон улсын компаниудын талаар “Ernst & Young” ба “PricewaterhouseCoopers” компаниуд нь ихэвчлэн янз бүрийн дэд бүтцийн төслүүдэд санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Метроны төслүүдэд тэдний оролцоо нь санхүүгийн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ, техник эдийн засгийн үндэслэл, төслийн удирдлага зэрэг олон төрлийн үйлчилгээг үзүүлэх боломжтой. Метроны төсөлд оролцож байсан туршлагын мэдээлэл олдсонгүй.

“Intercontinental Consultants and Technocrats Private Limited”  нь Энэтхэгт төвтэй инженерийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани. Тээвэр, усны нөөц, эрчим хүч, хот байгуулалт зэрэг  дэд бүтцийн төслүүдэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр мэргэшсэн. Дотоод болон олон улсад төмөр замын төслүүдийн судалгаа, менежментийг хийж байсан туршлагатай. Олон улсад метроны төсөл хэрэгжүүлж байсан туршлагагүй, Энэтхэгт 4-5 метро шугамын нарийвчилсан зураг төсөлд ажиллаж байсан. Монголд Богдхан төмөр замын судалгаа болон Баруун бүсийн  авто замын коридор байгуулах төслийн барилгын ажлын хяналтыг хийж байсан.

Харин “Guangzhou Metro Group Co.,Ltd” нь тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Гуанжоу Метро групп нь мөн инженерийн барилга, худалдаа, үл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулалт болон бусад бизнес эрхэлдэг. Дэлхийн хамгийн ачаалал ихтэй метроны систем, уртын хувьд Хятаддаа Бээжин, Шанхай хотын метроны дараа гуравт ордог. Гуанжоу метро нь нийт 320 буудал, 652.81 км шугамаар ажилладаг.

“China Railway Design Corp and China Railway 5th Group” нь Энэтхэг, Пакистан улсуудад метроны төсөл хэрэгжүүлж эхэлсэн.  CREC гэх нэрээр ихэвчлэн гадаадын төслүүдэд харагдаад байгаа ч дотроо яг ямархуу зохион байгуулалттай байдаг талаар нээлттэй мэдээлэл тийм ч их биш байна.

“Nippon Koei” Японы номер нэг зөвлөх инженерингийн компани. Усан цахилгаан станц, Энергийн төслүүдээрээ алдартай. Бангладеш, Вьетнам, Филиппин, Египетэд олон метро төслүүд хэрэгжүүлж байгаа.

“Dohwa Engineering” нь Филиппин, Алжир, Панам улсуудад хотын төмөр замын төсөл хэрэгжүүлсэн туршлагатай. Бүх төрлийн инженерингийн төсөл дотооддоо болон олон улсад төсөл хэрэгжүүлдэг БНСУ-ын томоохон компани. Коломбод бид хамтарч байсан.

“Korean National Railway” нь олон улсад төмөр зам, метро төслүүдэд оролцдог. Монгол Улсад Тавантолгой Зүүнбаян төмөр замд дохиолол холбооны систем нийлүүлж байсан арвин туршлагатай компани байна. Хятадад ч маш олон төсөл хийсэн туршлагатай. Гэхдээ яг метро гэвэл Энэтхэгийн Лакхнау хотын төслийг удирдсан.

“DB Engineering” нь Катар, Саудын Араб, Малайз, Энэтхэгт метроны төсөлд ажиллаж байсан олон улсын туршлагатай.  Мэдээж Германыхаа дотоод төмөр замын дийлэнх төслийг хэрэгжүүлдэг мундаг компани.

Харин “Baran Israel” нь Израилын нийслэлд метро хийж байсан, гадаадад хараахан метро байгуулаагүй юм шиг байна. 

“NPS Engineering” ОХУ-ын компани сайн мэдэхгүй юм байна.

“Bureau Veritas Inspection” нь Францын ихэвчлэн инженерингийн тест, сертификатчлал, хөрөнгийн үнэлгээ тал руугаа мэргэшсэн компани. Гэхдээ том групп тул төслийн удирдлагыг хийдэг байж магадгүй.

“Pini Group” нь Швейцарын туннель, гүүр бүтцийн барилга тал руугаа илүү мэргэшсэн, Европын улсууд болон Израилд метронд зориулсан туннельд  голчлон ажилладаг юм байна.

Монгол компаниудад хараахан метроны туршлага байхгүй гэж үзээд судалсангүй" хэмээн бичжээ.

Түүний одоо ажиллаж буй “OC Global” олон улсын компани уг тендерт мөн оролцжээ. “OC Global” олон улсын компани нь Болгар, Румын, Турк  болон Азийн метротой ихэнх улсуудын метроны төслүүдэд оролцсон туршлагатай. Монгол Улсад 1990 оноос хойш Замын-Үүдийн төмөр замын логистикийн төв, 2013 онд Улаанбаатар метро төслийн ТЭЗҮ, Шинэ Улаанбаатар нисэх буудлын төслүүдэд ажилласан туршлагатай аж.

Инженер Т.Мөнхдалай өмнө нь Шри Ланка, Бангладеш, Япон улсад метроны төсөлд ажиллаж байжээ.






фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.