МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр | Улаанбаатар хот |
Дугаар 50
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.3.7 дахь зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
- ”Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хавсралт ёсоор баталсугай.
- Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид даалгасугай.
- Хөтөлбөрийн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
Засгийн газрын 2018 оны 50 дугаар
тогтоолын хавсралт
БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас эрх зүйн шинэтгэл хийх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, мэдээлэх, сурталчлах, иргэдийн эрх зүйн ухамсар, мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр олон шийдвэр гаргаж, тэдгээрийг хэрэгжүүлж ирсэн байна. Тухайлбал Улсын Их Хурлын 1998 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр”-ийн 39-т “Бүх нийтийн эрх зүйн ухамсрыг төлөвшүүлэх, иргэдэд улс төрийн болон эрх зүйн соёлыг эзэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг төрийн бүх шатны байгууллагаас явуулна. Үндсэн хуулийн зарчим, үзэл санааг иргэн бүр чанд хэрэгжүүлэх үзлийг бага наснаас нь төлөвшүүлэхийг гол зорилго болгон, эрх зүйн сурталчилгаа, мэдээлэл, сургалтыг Үндсэн хууль, бусад хуулийг тууштай биелүүлэхэд чиглүүлнэ” гэж, Засгийн газрын 1993 оны 57 дугаар тогтоолоор нийтийг хамарсан эрх зүйн сургалт зохион байгуулах, албан болон албан бус сургалт, мэдээллийн хэрэгсэл ашиглан хууль тогтоомжийг сурталчлах, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхээр заасан бол Засгийн газрын 1996 оны 66 дугаар тогтоолоор хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, мэдээлэх, нийтэд сурталчлахтай холбоотой үүргийг төрийн албан хаагч бүрийн ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарьт тодорхой тусган биелэлтийн байдлыг улирал бүр дүгнэж ажиллахыг төрийн захиргааны болон нутгийн захиргааны бүх шатны удирдлагад даалган шийдвэрлэж байсан байна.
Мөн холбогдох эрх бүхий байгууллагуудаас “Эрх зүйн албан бус сургалтын хөтөлбөр” , “Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр” , “Эрх зүйн сурталчилгааны дунд хугацааны хөтөлбөр” , “Эрх зүйн сурталчилгааг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө” , “Сум, дүүрэгт эрх зүйн хөтөч (ухуулагч)-ийн ажиллах журам” , “Хууль зүйн салбарын үйл ажиллагаанд холбогдох мэдээ, мэдээлэл бэлтгэж, олон нийтэд хүргэх журам” зэрэг эрх зүйн баримт бичгийг тус тус баталж, хэрэгжилтийг хангаж иржээ. Гэсэн хэдий ч иргэд өөрт шаардлагатай эрх зүйн мэдээ, мэдээллийг хүссэн газар, цагтаа авах нөхцөл боломж бүрэн хангагдаагүй, иргэдэд хүрч байгаа мэдээлэл нь нэгдсэн тогтолцоогүй, арга зүйгүй байснаас гадна өмнө хэрэгжүүлсэн арга хэмжээг системтэй, тасралтгүй үргэлжлүүлж чадаагүй зэргээс хамааран иргэдийн эрх зүйн мэдлэг, боловсрол, соёлыг дээшлүүлэх ажил хүссэн үр дүндээ хүрэхгүй байна. Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд “Бүх нийтийн эрх зүйн сургалтын тогтолцооны эрх зүйн үндсийг бүрдүүлсэн боловч үр дүн хангалттай бус байна” гэж, “Хууль тогтоомжийг олон нийтэд тайлбарлан таниулах, сурталчлах ажил хангалттай бус байна” гэж дүгнэжээ .
Иргэдийн өдөр тутмын амьдралд хууль, эрх зүйн мэдлэгтэй холбоотой тулгарч байгаа бэрхшээл, түүнийг шийдвэрлэж байгаа арга зам, нөхцөл байдлыг сүүлийн 3 жилийн байдлаар судалж үзэхэд санал асуулгад оролцсон иргэдийн 54.8 хувь хууль, эрх зүйн үр дагавар бүхий ямар нэг бэрхшээл тохиолдсон бөгөөд тэдний 50.5 хувь түүнийг шийдвэрлэх ямар нэг оролдлого хийгээгүй байна. Хууль зүйн туслалцаа аваагүй иргэдийн 36.8 хувь юу ч хийгээд нэмэргүй гэж бодсон, 25.5 хувь юу хийхээ мэдэхгүй байсан, 17.3 хувь тийм ноцтой асуудал биш гэж үзсэн, 15.7 хувь ямар эрх байгаагаа мэдээгүй гэж хариулсан байна. Харин хууль зүйн туслалцаа авсан иргэдийн 40.8 хувь найз нөхөд, хамаатан садан, танил талдаа хандсан, 14.5 хувь холбогдох төрийн байгууллагад хандсан, 15.6 хувь цагдаагийн байгууллагад хандсан, 14.5 хувь хуульч, өмгөөлөгчид хандсан байна. Судалгаанд хамрагдсан 1630 иргэнээс өөрт нь тодорхой бэрхшээл тохиолдсоноос үл хамааран “Хэрэв ямар нэг бэрхшээл тохиолдвол хаашаа хандахаа мэдэх үү?” гэсэн асуултад 57.1 хувь нь “Мэдэхгүй” гэж хариулсан байна.
Дээрх судалгааны дүнгээс үзвэл иргэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, аюулгүй байдлаа хамгаалах байдал хангалтгүй байгаа нь иргэдийн эрх зүйн мэдлэг, боловсрол дутмаг, өөрт тулгарсан асуудлаа хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх чадавх сул байгаатай холбоотой бөгөөд түүний улмаас хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалж чадахгүй хохирох явдал гарч байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж, Улсын Их Хурлын 2003 оны 41 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”-ийн 3.1.2.5-д “Хүний эрхийн талаархи олон улсын эрх зүйн боловсрол олгох Засгийн газрын хөтөлбөр боловсруулж сургалт явуулах, түүнд төрийн захиргааны албан хаагч, цагдаа, цэрэг, шүүх эрх мэдлийн байгууллага болон хууль зүйн албаны бусад байгууллагын ажилтнуудыг хамруулна” гэж тус тус заасан.
Мөн НҮБ-ын “Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөр”-т ”Тогтвортой хөгжлийн төлөөх тайван, бүгдийг хамарсан нийгмийг дэмжих, шударга ёсыг бүгдэд хүртээмжтэй болгох, бүх түвшинд үр дүнтэй, хариуцлагатай, бүгдийг хамарсан тогтолцоог бий болгох” 16 дугаар зорилт, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д ядуурлын бүх төрлийг эцэс болгоно; хүний хөгжлийн өндөр үзүүлэлт бүхий эхний 70 орны нэг болно; хөгжлийн бодлогоо бүх түвшинд хэрэгжүүлэх чадвартай, авлигаас ангид, иргэдийн оролцоог хангасан, мэргэшсэн тогтвортой засаглал төлөвшсөн байх зорилтууд, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.3.7-д “Бүх нийтийн эрх зүйн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлнэ” зэрэг зорилтууд тусгагдсан нь энэхүү хөтөлбөрийг боловсруулах үндэслэл болж байна.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх хугацаа
2.1. Хөтөлбөрийн зорилго
Иргэдийн эрэлт хэрэгцээг хангахуйц эрх зүйн мэдээ, мэдлэгийг цахим болон цахим бус байдлаар нээлттэй, хүртээмжтэй, энгийн хялбарчилсан хэлбэрээр хүргэх замаар бүх нийтийн эрх зүйн боловсролыг тасралтгүй дээшлүүлэх тогтолцоог бүрдүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
2.2. Хөтөлбөрийн зорилт
Хөтөлбөрийн хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ:
Зорилт 1. Бүх нийтийн эрх зүйн боловсролын агуулга, арга зүйг хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйд нийцүүлэн боловсронгуй болгоно.
Зорилт 2. Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд шаардлагатай техник, санхүү, хүний нөөцийг бүрдүүлж, тогтсон мэдээллийн сувгуудыг бий болгон тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчилгээг бүх нийтэд хүргэнэ.
Зорилт 3. Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд бүх талын идэвхтэй оролцоог хангаж, тэдний үйл ажиллагааг уялдуулна.
2.3. Хөтөлбөр хэрэгжих хугацаа
Хөтөлбөрийг 2 үе шаттайгаар 5 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.
Нэгдүгээр үе шат (2018-2020 он): Бүх нийтийн эрх зүйн боловсролыг тасралтгүй дээшлүүлэх тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Хоёрдугаар үе шат (2021-2023 он): Эхний шатны үйл ажиллагаанд үнэлгээ хийж, бүх нийтийн эрх зүйн боловсролыг тасралтгүй дээшлүүлэх тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Гурав. Хөтөлбөрийн зорилтыг хангах үйл ажиллагаа
3.1. Хөтөлбөрийн 1 дүгээр зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.1.1. эрх зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгааны агуулгыг бэлтгэх, түгээх нэгдсэн арга зүйг хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйд нийцүүлэн боловсруулах;
3.1.2. иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурласан зорилтот бүлэгт тухайлбал, харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэн, өндөр настан, хүүхдэд ээлтэй, тэдгээрийн нас, сэтгэхүйн онцлог, нийтлэг болон тусгай хэрэгцээ шаардлагад нь тохирсон эрх зүйн боловсролын агуулгыг хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйд нийцүүлэн боловсруулах;
3.1.3. хууль, захиргааны хэм хэмжээ тогтоосон акт, хуулиар эрх олгосон этгээдийн гаргасан эрх зүйн үр дагавар бүхий шийдвэрийг бүрнээр нь болон хэсэгчлэн ангилсан байдлаар иргэдэд хүргэх эрх зүйн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх;
3.1.4. хууль тогтоомжийг бүхэлд нь болон тодорхой нэг хууль, хэм хэмжээ тогтоосон захиргааны акт, хуулиар эрх олгосон этгээдийн гаргасан эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр, тэдгээрийн тодорхой заалтыг олон нийтэд энгийн, ойлгомжтой хэлбэрээр тайлбарлан таниулах эрх зүйн сурталчилгааг тогтмол хийх;
3.1.5. иргэдэд эрх зүйн болон хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг түгээх, тэднийг чадавхжуулах, хүний эрхийн зөрчлийг ялгаж таних, эрх зүйн харилцаанд бие даан оролцох чадварыг эзэмшүүлэх эрх зүйн шаталсан сургалтын тогтолцоог бүрдүүлэх;
3.1.6. хууль зүйн туслалцааны 2 шатлалтай үйлчилгээг хөгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлж, эрх зүйн анхан шатны зөвлөгөө өгөх, зорилтот бүлэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх хууль зүйн туслалцааны чанар, хүртээмжийг сайжруулах;
3.1.7. хууль зүйн туслалцааны анхан шатны үйлчилгээний бодит хэрэгцээ шаардлагыг тогтоож, шийдвэрлэх шаардлагатай бодлогын шийдлийг тодорхойлох чиглэлээр судалгаа шинжилгээний ажлыг тогтмол хийж, үр дүн, үр нөлөөг үнэлж тооцдог болох.
3.2. Хөтөлбөрийн 2 дугаар зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.2.1. эрх зүйн хөтөчийн тогтолцоо бий болгох;
3.2.2. эрх зүйн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх боломжийг өргөтгөх;
3.2.3. эрх зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, судалгаанд мэдээллийн технологийг ашиглах;
3.2.4. эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем /www.legalinfo.mn/-ийн мэдээллийн санг өргөтгөн хөгжүүлэх;
3.2.5. хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, хүүхдэд эрх зүйн мэдээлэл, зөвлөгөө, туслалцаа үзүүлэх хүний нөөц (дохионы хэлний хэлмэрч, сэтгэл зүйч)-ийг бэлтгэх;
3.2.6. төрийн болон төрийн бус байгууллагууд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд мэргэшсэн эрх зүйн хөтөч ажиллуулах.
3.3. Хөтөлбөрийн 3 дугаар зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.3.1. иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх;
3.3.2. эрх зүйн болон хүний эрхийн сургалт, сурталчилгаанд орон нутгийн засаг захиргааны байгууллагууд, Хууль зүйн туслалцааны төвийн орон нутаг дахь салбар болон бусад холбогдох этгээдийн оролцоог нэмэгдүүлэх;
3.3.3. эрх зүйн мэргэжлээр сургалт явуулдаг их, дээд сургуулиуд болон төрийн бус байгууллагуудын дэргэдэх хууль зүйн клиник төвөөс иргэдэд эрх зүйн болон хүний эрхийн анхан шатны зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь тогтмолжуулах, чадавхжуулах, эрх зүйч мэргэжлээр сурч буй оюутнуудын эрх зүйн хөтчөөр ажиллах сайн дурын үйл ажиллагааг бүх талаар дэмжих;
3.3.4. эрх зүйн сургалт, сурталчилгаа, судалгааны ажилд төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангах;
3.3.5. иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсыг дээдлэх хандлага, дадлыг төлөвшүүлэх нөлөөллийн арга хэмжээг тогтмол зохион байгуулах;
3.3.6. бүх нийтийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд үүрэн холбооны аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг хариуцлагыг өндөржүүлж, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллагын эрх зүйн болон хүний эрхийн мэдээлэл, сурталчилгааны ажилд оролцохыг бүх талаар дэмжих;
3.3.7. тодорхой түвшний эрх зүйн мэдлэг эзэмшсэн хамт олон болж, үүнийгээ үнэлүүлэн баталгаажуулахад чиглэсэн санал, санаачилга өрнүүлэх арга хэмжээг зохион байгуулах;
3.3.8. бүх нийтийн эрх зүйн боловсролыг дэмжигч байгууллага, хамт олныг сурталчлах, алдаршуулах үйл ажиллагааг зохион байгуулах.
Дөрөв. Хөтөлбөрийн үр нөлөө, шалгуур үзүүлэлт
4.1. Хөтөлбөрийн нийгэмд үзүүлэх үр нөлөө:
4.1.1. иргэд хаана, ямар нөхцөлд амьдарч байгаагаас үл хамааран эрх зүйн үйлчилгээ, мэдээллийг саадгүй авах нөхцөл бүрдэнэ;
4.1.2. иргэд хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо хуулийн хүрээнд хамгаалах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх чадвар, боломж нэмэгдэнэ;
4.1.3. төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоо нэмэгдэж, төрийн байгууллагаас гарах аливаа шийдвэр нь хүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх нөхцөл бүрдэнэ;
4.1.4. бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, хамт олон, иргэдийн оролцоо, дэмжлэг сайжирна;
4.1.5. хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчмыг төрийн үйл ажиллагаанд хэвшүүлэх, хуулийг хүндэтгэн сахин биелүүлэх иргэдийн эрх зүйн ухамсар дээшилнэ.
4.2. Хөтөлбөрийн эдийн засгийн үр нөлөө:
4.2.1. иргэд эрхээ эдлэх, баталгаажуулах боломж бий болсноор амьжиргаагаа дээшлүүлэх бололцоо нэмэгдэнэ;
4.2.2. иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх иргэдийн чадвар нэмэгдсэнээр бусдын буруутай үйл ажиллагааны улмаас учрах эдийн засгийн хохирол буурна;
4.2.3. эрх зүйн мэдээлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх цахим сүлжээг нэвтрүүлснээр эрх зүйн мэдээлэл, туслалцаа авахад хялбар болж, зардал буурна;
4.2.4. хуулийг хүндэтгэн сахин биелүүлэх иргэдийн ухамсар дээшилснээр гэмт хэрэг, зөрчил буурна.
4.3. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт
4.3.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэхдээ иргэдийн эрх зүйн чадавхын өнөөгийн байдалд хийсэн судалгааг суурь үзүүлэлт болгон ашиглах бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтийг дараах шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:
Хөтөлбөрийн зорилго, зорилт | Шалгуур үзүүлэлт | Хүрэх түвшин | |||
Суурь үзүүлэлт
2016 он |
2020 он | ||||
Үр нөлөөний шалгуур үзүүлэлт | |||||
Зорилго | Иргэдийн эрэлт хэрэгцээг хангахуйц эрх зүйн мэдээ, мэдлэгийг цахим болон цахим бус байдлаар нээлттэй, хүртээмжтэй, энгийн хялбарчилсан хэлбэрээр хүргэх замаар бүх нийтийн эрх зүйн боловсролыг тасралтгүй дээшлүүлэх үр дүнтэй тогтолцоог бүрдүүлнэ. | Хууль зүйн үр дагавар бүхий бэрхшээлээ шийдэх оролдлого хийгээгүй иргэдийн эзлэх хувь | 50.5 | 40 | |
Өөрт тулгарсан бэрхшээлтэй холбоотой мэдээлэл авахаар төрийн байгууллага, албан тушаалтанд хандсан иргэдийн эзлэх хувь | 21.9 | 30 | |||
Өөрт тулгарсан бэрхшээлтэй холбоотой мэдээлэл авахаар төрийн байгууллага, албан тушаалтанд хандсан боловч мэдээлэл авч чадаагүй иргэдийн эзлэх хувь | 16.3 | 10 | |||
Үр дүнгийн шалгуур үзүүлэлт | |||||
Зорилт 1 | Бүх нийтийн эрх зүйн боловсролын агуулга, арга зүйг боловсронгуй болгох.
|
Сургалтын (танхимын, зайн) агуулга хөтөлбөр боловсруулах нэгдсэн арга зүйтэй болсон байна. | – | Сургалтын агуулга, хөтөлбөрүүдийг батлагдсан арга зүйн дагуу боловсруулдаг болсон байна. |
Сургалтын агуулга, хөтөлбөрийг боловсронгуй болгоно. |
Сургалтад хамрагдсан хүний тоо (бүлэг тус бүрээр)-г гаргаж, үнэлгээ, дүгнэлт хийсэн байдал. | – | Сургалт бүрийн үр дүнг тооцсон байна. | Эрх зүйн мэдээлэл тэгш хүрдэг, үнэлгээний үр дүнгээр сургалтын агуулгыг сайжруулдаг болсон байна. | ||
Сургалт, сурталчилгааны гарын авлага, хэлбэр нь нийт иргэдэд хүртээмжтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, зорилтот бүлгүүдэд ээлтэй байна. | – | Эрх зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгаа нь нийгмийн бүх бүлгүүдэд хүртээмжтэй болсон байна |
Нийт хүн амын 30-аас доошгүй, зорилтот бүлгийн 80-аас доошгүй хувьд хүрсэн байна. |
||
Зорилт 2 | Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд шаардлагатай техник, санхүү, хүний нөөцийг бүрдүүлж, тогтсон мэдээллийн сувгуудыг бий болгон, тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчилгээг бүх нийтэд хүргэнэ | Эрх зүйн хөтчийн тоо | – | 500 эрх зүйн хөтөч | 1000 эрх зүйн хөтөч |
Эрх зүйн цахим хөтөч ажилладаг болсон байна | – | www.e-hutuch.mn цахим хуудас ажилладаг болсон байна | www.e-hutuch.mn цахим хуудсыг хөгжүүлнэ. | ||
Хууль зүйн зөвлөгөө авсан иргэдийн тоо[1] | 2015 – 8363
2016 – 6631 2017-4048[2] |
Жилд 9500-аас доошгүй | Жилд 11500-аас доошгүй | ||
Эрх зүйн хэрэгцээ шаардлагын судалгааны үр дүнд асуудлыг шийдвэрлэх бодлогын хувилбар тодорхойлсон, мэдээллийн агуулгыг сайжруулсан байдал |
– |
Хэрэгцээ шаардлагын судалгааг жил бүр хийсэн байна |
Хэрэгцээ шаардлагын судалгаа жил бүр хийсэн, судалгааны үр дүнгээр мэдээллийн агуулгыг сайжруулах ажил жил бүр хийгдсэн байна. | ||
Зорилт 3 | Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд бүх талын идэвхтэй оролцоог хангаж, тэдний үйл ажиллагааг уялдуулна.
|
Мэргэшсэн эрх зүйн хөтөчтэй байгууллагын тоо | – | 50 | 100 |
Эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох тогтмол нэвтрүүлэг, булан ажиллуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагын тоо | Хандалт ихтэй 8 цахим хуудас, хамгийн их борлуулалт-тай 10 сонин, ТВ-ийн 19 нэвтрүүлэг | Нэвтрүүлэг болон бусад хэвлэлийн мэдээллийн агуулгыг сайжруулж,
тогтмол гардаг болсон байна. |
Дугаар алгасахгүй, 7 хоногт 2 удаа тогтмол цагтай болж, нэвтрүүлгийн тоог нэмэгдүүлнэ. | ||
Хууль зүйн клиник төв ажиллуулдаг их, дээд сургууль, төрийн бус байгууллагын тоо | 2 | Байнга идэвхтэй ажилладаг клиник төв 10-аас доошгүй байна. |
Байнга, идэвхтэй ажилладаг клиник төвийн тоо болон үйлчлүүлэгчийн тоо өссөн байна. |
||
[1] Хууль зүйн туслалцааны төвөөс 2015-2017 онд иргэдэд үзүүлсэн хууль зүйн зөвлөгөөний тоо.
[2] 2017 оны эхний хагас жилийн байдлаар.
Тав. Хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэр,
шаардагдах хөрөнгийн хэмжээ
5.1. Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:
5.1.1. улс, орон нутгийн төсөв;
5.1.2. гадаад улс, олон улсын байгууллагын хандив, тусламж;
5.1.3. төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив, хөрөнгө;
5.1.4. хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр.
Зургаа. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
6.1. Хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус Үндэсний зөвлөл ажиллана. Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг Засгийн газар батална.
6.2. Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангана.
6.3. Үндэсний зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэн хариуцан гүйцэтгэнэ.
6.4. Зөвлөлийн ажлын алба нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
6.4.1. эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем /www.legalinfo.mn/-ийн мэдээллийн сан, эрх зүйн цахим хөтөч /www.e-hutuch.mn/-ийг эрхлэн хөтлөх;
6.4.2. эрх зүйн сургалт, сурталчилгааны агуулга бэлтгэх, түгээх нэгдсэн арга зүйг боловсруулж батлуулах;
6.4.3. эрх зүйн хөтөч бэлтгэх, чадавхыг нь тасралтгүй бэхжүүлэх;
6.4.4. иргэдэд зориулсан эрх зүйн анхан шатны сургалтын хөтөлбөр боловсруулж батлуулах;
6.4.5. бүх шатны боловсролын байгууллага болон гэр бүл, хүүхэд, залуучуудын байгууллагаар дамжуулан хүүхэд, залуучуудад эрх зүйн болон хүний эрхийн боловсрол олгох, эрх зүйн ухамсрыг төлөвшүүлэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;
6.4.6. бүх нийтийн эрх зүйн болон хүний эрхийн боловсролыг дээшлүүлэхэд шаардлагатай судалгаа хийх.
6.5. Төрийн захиргааны төв байгууллага, төрийн болон нутгийн захиргааны байгууллага нь салбарын, нутаг дэвсгэрийн болон байгууллагын хэмжээнд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг тухайн жилийн төлөвлөгөө, төсөвт тусгах замаар хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, хэрэгжилтийн тайланг тогтоосон хугацаанд гаргах үүрэг хүлээнэ.
6.6. Төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр эрх зүйн сургалт, сурталчилгаа хийх, судалгаанд оролцох, өөрийн байгууллагын ажилтан, албан хаагчдын эрх зүйн боловсролыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулна.
Долоо. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ
7.1. Төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг дараа оны 1 дүгээр сард багтаан хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
7.2. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээг хийх бөгөөд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг дараа оны I улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.
7.3. Шаардлагатай тохиолдолд Үндэсний зөвлөл хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 18 сараас доошгүй хугацааны дараа үр дүнд суурилсан явцын үнэлгээ, хөндлөнгийн үнэлгээ хийлгэж болно.
7.4. Хөтөлбөрийн 1, 2 дугаар үе шат хэрэгжиж дуусах хугацаанаас 6 сарын өмнө үр дүнд суурилсан эцсийн үнэлгээ хийлгэж, тайланг Үндэсний зөвлөлөөр хэлэлцэн үр дүнг Засгийн газарт танилцуулна.